2023 оны 03 сарын 23 



Олон улсын зах зээлд нүүрсний үнэ буурсан болон Австралийн нүүрсний хоригийг цуцалсантай холбоотойгоор БНХАУ-ын нүүрсний импорт эрс нэмэгдлээ. 2023 оны эхний хоёр сард тус улсын нүүрсний импорт өмнөх оны мөн үеэс 70.8 хувиар өсөж, 60.64 сая метр тонн хүрсэн байна. Мөн Австрали улсаас БНХАУ-ын импортолсон нүүрсний хэмжээ 20.6 хувиар өсжээ.

Тайлант хугацаанд БНХАУ-ын нүүрсний олборлолт 5.8 хувиар өссөн байна. Зах зээлд нүүрсний үнэ эрчимтэй буурах хандлагатай байгаа нь импорт өсөхөд түлхэц болж байгааг “BloombergNEF” мэдээллээ. Австралийн Ньюкасл боомтод нүүрсний фьючерс үнэ өнгөрсөн оны аравдугаар сард тонн нь 400 ам.доллар байсан бол хоёрдугаар сарын байдлаар 193 ам.доллар болж буурсан байна.

Түүнчлэн ирэх онд нүүрсний эрэлт оргил цэгтээ хүрэхээр байгааг “BloombergNEF” тооцоолоод байгаа юм. Өнгөрсөн хоёр жилд нүүрсний олборлолт эрэлтээ давж, хуримтлагдсан нүүрсний нөөцөөр БНХАУ тэргүүлсэн байна.