Дэлхийн зэсийн салбарын гол тоглогч компаниуд олборлолтоо төрөлжүүлэх томоохон хэлцлүүдийг амжилттай болгоод байна.
Rio литийн аваргуудын эгнээнд
Rio Tinto компани АНУ-ын лити олборлогч Arcadium Lithium-ийг 6.7 тэрбум ам.доллароор худалдан авах хэлцэл хийлээ. Ингэснээр дэлхийд хоёрдугаарт бичигддэг уул уурхайн томоохон компани Rio Tinto цэнэг хураагуурын нэн чухал түүхий эд литийн томоохон олборлогч болох зорилтоо ахиулж байна.
Arcadium-ийн нэгж хувьцаа тус бүрийг 5.85 ам.доллароор үнэлж, зөвхөн бэлэн мөнгөөр худалдан авах хэлцлийн саналыг тус компанийн ТУЗ зөвшөөрчээ. Энэ нь Arcadium-ийн Нью-Йоркийн биржид бүртгэлтэй хувьцааны аравдугаар сарын дөрвөний өдрийн хаалтын ханшнаас 90 хувиар өндөр үнэ болж байна.
“Arcadium-ийг худалдан авсан нь Rio-ийн урт хугацааны зорилтдоо хүрэх маш чухал алхам боллоо. Манай хөнгөн цагаан, зэсийн тэргүүлэх хөтөлбөр дээр дэлхийн түвшний литийн бизнес нэмэгдэж, эрчим хүчний шилжилтэд шаардлагатай түүхий эдүүдийг нийлүүлэхээр болж байна” хэмээн Rio Tinto-ийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм мэдэгдэлдээ онцолжээ.
Энэхүү хэлцэл нь Rio Tinto-ийн 2007 онд Alcan компанийг 38 тэрбум ам.доллароор худалдан авснаас хойших хамгийн том дүнтэй хэлцэл нь болж буй. Зах зээлийн үнэлгээ нь өдгөө 112 тэрбум ам.доллароор хэмжигдэж буй Rio-д энэхүү хэлцэл нь үнийн дүн, нөхцөлийн хувьд таатай, стратегийн маш оновчтой алхам болохыг шинжээчид онцолжээ.
Гэхдээ тус компани литийн нийлүүлэлтийн илүүдэл бий болж, цахилгаан автомашины борлуулалт саарсан нь үйлдвэрлэгч компаниудын хувьцааг доош татаж буй энэ цаг үед уул уурхайн аваргуудаас ганцаараа литийн өсөлтөд мөрий тавьж байна гэхэд хилсдэхгүй. Литийн карбонатын спот ханш Хятадад 2022 онд хүрч байсан дээд цэгээсээ өдгөө 85 хувиар унаад байгаа юм.
Zijin-ийн ээлжит худалдан авалтҮүний зэрэгцээ өчигдөр БНХАУ-ын Төрийн өмчит Zijin Mining компани Африкийн Гана улс дахь “Akyem” алтны уурхайг АНУ-ын Newmont компаниас нэг тэрбум орчим ам.долларын бэлэн мөнгөөр худалдан авах хэлцэл хийлээ. Ингэснээр металлын олборлолтоор улсдаа тэргүүлдэг Zijin дэлхийд томоохонд тооцогдох алтны судлаас өндөр агуулгатай алтны хүдэр олборлох боломжтой болж байна.
Өнгөрсөн оны 12 дугаар сарын байдлаар “Akyem”-ийн ил уурхайн нөөц 34.6 тонноор хэмжигдэж байжээ. Харин гүний уурхайн олборлолтыг Zijin 2028 оноос эхлүүлэх төлөвтэй байгаа тул уурхайн ашиглалтын хугацаа 2042 он хүртэл сунгагдах юм. Мөн тус уурхайгаас жилд 5.8 тонн алт олборлох тооцоо гаргажээ.