Монгол Улсын эдийн засаг энэ онд 4.3 хувиар өснө гэж Дэлхийн банк тооцоолсноо танилцууллаа. Тухайлбал: 1990-ээд оны шилжилтийн үеэс хойших хамгийн хүнд уналттай тулгарч байгаа ч 2021 онд эргэн сэргэх төлөвтэй байна гэжээ.


Сэргэлтэд дэлхийн эдийн засгийн идэвхжил, вакцинжуулалт, дотоод эрэлт нэмэгдэх зэрэг нь нөлөөлнө гэсэн байна. Цар тахал зочид буудал, үзвэр үйлчилгээ зэрэг бусад салбарт хөдөлмөр эрхлэлт буурахад нөлөөлсөн гэж дүгнэжээ. Мөн сүүлийн үед дотоод дахь “COVID-19” цар тахлын дэгдэлт нэмэгдэж байгаа нь эдийн засгийн сэргэлтийн тодорхой бус байдлыг улам нэмэгдүүлж байна гэсэн байна.
Болзошгүй эрсдэлээр Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой төсвийн зардал хэт өсөх, улмаар төсөв, санхүүгийн ачаалал хэт нэмэгдэх асуудлыг мөн дурджээ.
"Монгол Улс цаашдаа богино хугацааны тусламж, дэмжлэгийн бодлогоос эдийн засгийн сэргэлт, дархлааг бэхжүүлэх рүү анхаарах нь зүйтэй” гэж Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михнев хэлсэн байна.