МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН "ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА"-Г АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Монгол улсын үнэт цаасны зах зээлд мэргэшлийн ажил үйлчилгээ явуулах эрх олгох, аттестатчилах сургалтын шалгалтад тэнцсэн мэргэжилтнүүдийн тангараг өргөх ёслолын арга хэмжээ 2022 оны 11-р сарын 08-ны өдөр болж өнгөрлөө. Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Мэргэшлийн зөвлөлтэй хамтран зохион байгуулсан энэ удаагийн сургалтад нийт 174 мэргэжилтэн хамрагдаж эдгээрээс 164 мэргэжилтэн шалгалтаа амжилттай өгч улмаар өнөөдөр тангаргаа өргөж, үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил үйлчилгээ явуулах эрхээ гардан авлаа. Түүнчлэн энэ удаагийн сургалтад хугацаагүй үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил үйлчилгээ явуулах эрхийн гэрчилгээг 9 хүнд олголоо. 
Тангараг өргөх ёслолд Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга, Мэргэшлийн зөвлөлийн дарга Т.Цэрэнбадрал нээлтийн үг хэлж, Холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Үнэт цаасны боловсролын хорооны дарга М.Отгонбаатар мэргэжилтний тангараг уншиж, Холбооны Ёс зүйн хорооны дарга Ш.Батхишиг шинээр эрхээ авсан мэргэжилтнүүдэд үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил үйлчилгээ явуулах ёс зүйн дүрмийг танилцууллаа.
Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо нь "Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил үйлчилгээ явуулах эрх олгох, аттестатчилах сургалтыг 2011 оноос хойш 35 удаа зохион байгуулсан бөгөөд  нийт 3491 хүнд хөрөнгө оруулалт, үнэт цаасны зуучлалын эрхийг шинээр олгосон бөгөөд эрх нь хүчинтэй байгаа 1302 мэргэжилтэн байна. Бид та бүхэнтэй хөрөнгийн зах зээлийг хамтдаа хөгжүүлж, мэргэжлийн ёс зүйг баримтлан хамтран ажиллахад таатай байх болно.