“Mongolia Energy Corporation” Ховд аймгийн Хөшөөтийн уурхайд гол олборлолтоо явуулдаг

Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolia Energy Corporation” компани гуравдугаар сарын 31-ээр дуусгавар болсон санхүүгийн жилд ашиг нь 848 сая хонконг доллар буюу буурах төлөвтэй байгааг урьдчилсан байдлаар мэдээлжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 28 гаруй хувиар буурах үзүүлэлт болохоор байна.

Коксжих нүүрсний үнэ буурсантай холбоотойгоор Ховд аймгийн Хөшөөтийн уурхайд гол олборлолтоо явуулдаг тус компанийн орлого 2.8 тэрбум хонконг доллар болж буурсан байна. Өмнөх оны мөн үед тус компани 3.17 тэрбум хонконг долларын орлого олж байсан аж.

Үүнээс гадна “Mongolia Energy Corporation”-ийн Монгол дахь охин компани “MoEnCo”-той холбоотой 1.33 тэрбум хонконг долларын татварын асуудал үргэлжилж байгааг тус компани мэдээлэв.

Татварын ерөнхий газар “MoEnCo”-ийн эсрэг шийдвэр гаргах тохиолдолд үйл ажиллагаа нь бүрэн зогсох эрсдэлтэй байгааг тайландаа дурдсан байна.