ХасБанк ХК-ийн 2023 оны татварын дараах цэвэр ашиг 142.0 тэрбум төгрөг (өмнөх оноос +34.2%), нэгж хувьцаанд ногдох цэвэр ашиг (EPS) 138.0 төгрөгт тус тус хүрч IPO хийх үеийн санхүүгийн төсөөллийг 15.7%-р давуулан биелүүллээ. Ингэснээр Хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийн өгөөж (12 сарын дунджаар тооцсон ROE) 26.3%-д хүрч байна.
Тайлант хугацааны санхүүгийн үзүүлэлтүүдээс онцолбол:
  • Зээл ба санхүүгийн түрээсийн багц өмнөх оноос 33.9%-р өсөж, 2,750 тэрбум төгрөг;
  • Зээл ба санхүүгийн түрээсийн багцад эзлэх чанаргүй зээлийн хувь 2.9%;
  • Харилцах, хадгаламжийн эх үүсвэр өмнөх оноос 17.9%-р өсөж 2,850 тэрбум төгрөг;
  • Олон улсын санхүүгийн байгууллагуудаас татан төвлөрүүлсэн урт хугацаат гадаад эх үүсвэр 56.6% өсөж, 1,128 тэрбум төгрөг;
  • Нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгө болон эрсдэлээр жигнэсэн активын зохистой харьцаа 20.7% (байвал зохих хэмжээ 12.5%);
  • Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 37.9%-д (байвал зохих хэмжээ 25.0%) тус тус хүрлээ.

Мөн ХасБанк ХК-ийн ТУЗ-ийн шийдвэрийн дагуу 2023 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 14.75 төгрөг буюу нийт 15.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг зарлан хуваарилах тухай асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар эцэслэн шийдвэрлүүлэхээр эчнээ санал хураалт явагдаж байна.