2024 оны сүүлийн өдөр "Монголросцветмет" ТӨҮГ-ын хоёр багц 6600 тонн 52 хувийн агууламжтай төмрийн хүдрийн арилжааг зохион байгуулав

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаагаар 2024 онд нийт 15.1 их наяд гаруй төгрөгийн бүтээгдэхүүн арилжсаныг Монголын Хөрөнгийн бирж мэдээллээ.

Хамгийн сүүлд буюу 12 дугаар сарын 31-ний өдрийн арилжаагаар “Монголросцветмет” ТӨҮГ-ын 6600 тонн 52 хувийн агууламжтай төмрийн хүдрийг 1.3 тэрбум төгрөгөөр арилжсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш нүүрс, төмөр, зэс, жоншийг биржээр арилжаалж байгаа юм. 2024 онд зэсийн баяжмал болон хайлуур жоншны  хүдэр, баяжмалыг биржээр арилжаалж эхлээд байна. Өнгөрсөн оны II улирлаас хойш нийт 17.6 мянган тонн хайлуур жоншны хүдэр, баяжмалыг 9.98 тэрбум төгрөгөөр арилжжээ.

Үүнээс гадна “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зэсийн баяжмалыг дөрөвдүгээр сараас эхлэн биржээр арилжиж, нийт 6000 тонныг 40.5 тэрбум төгрөгөөр худалдсан байна. Анх арилжаа эхлэхэд 30 мянган тонн зэсийн баяжмал биржээр арилжихаар төлөвлөж байсан ч II улирлаас хойш биржээр захиалга хийгдээгүйг “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал мэдээлж байв. Харин 2025 онд 60 мянган тонн зэсийн баяжмал биржээр арилжихаар бэлтгэж буйг онцолсон юм.