2026 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр төсвийн алдагдал өнгөрсөн оны мөн үеэс дөрөв дахин тэлсэн үзүүлэлттэй байна. Түүнчлэн энэ нь түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй I улирлын алдагдалд тооцогдох магадлал өндөр боллоо.
Тайлант хугацаанд улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 7.2 их наяд төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 11.9 хувиар өссөн бол тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 6.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.5 хувиар нэмэгджээ. Харин нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 7.7 их наяд төгрөг болж, улмаар тэнцвэржүүлсэн тэнцэл 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарав.

Ойрх Дорнодын дайнаас үүдсэн эрчим хүчний хямралын нөлөө Монгол Улсад инфляц, зардал талын дарамтыг хүндрүүлэх хүлээлттэй байгаа үед төсвийн алдагдал ийнхүү өндөр түвшинд хүрээд байна. Мөн удаан яригдсан татварын багц хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдвал төсөвт үзүүлэх нөлөөлөл нь 3.7 их наяд төгрөг байна гэж Төсвийн тогтвортой байдлын зөвлөл тооцоолсон бол Засгийн газраас 2.7 их наяд төгрөг хүртэлх дүнгээр төсвийн орлого тасарна гэж тооцсон юм.
Татварын нийт орлогын гол хэсгийг бүрдүүлдэг орлогын албан татварын орлого эхний улиралд 43.5 тэрбум төгрөгөөр буюу 17 хувиар, онцгой албан татвар 31.6 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй гарсан нь өмнөх оны мөн үеэс 3.5 их наяд төгрөгөөр тасалдсан дүн болж байна. Түүнчлэн хөрөнгийн зардлын хувьд оны эхний улиралд 1.1 их наяд төгрөг болж, 2025 оны I улирлаас 497.5 тэрбум төгрөгөөр буюу 84 хувиар өсжээ.
Төсвийн нийт зарлагын ДНБ-д эзлэх хувь 2025 онд 35 хувьд хүрээд байсныг 2028 он гэхэд 28 хувь руу бууруулахаар зорихоо ЭЗХЯ ирэх тавдугаар сард өргөн барих Төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлд тусгаснаа мэдээлж байв.
“Төсвийн зарлагын 70 орчим хувийг урсгал зардал, 30 хувь нь хөрөнгийн зардал бүрдүүлж байна. Урсгал зардлын дийлэнх нь цалин, тэтгэвэр байгаа. Урсгал зардлын ДНБ-д эзлэх хувийг хүчээр бууруулснаар цалин, тэтгэвэр нэмэх орон зай хумигдмал болно. Тиймээс урсгал зардалд томоохон реформын чанартай өөрчлөлт хийхгүй бол цаашид цалин нэмэгдүүлэхэд хүндрэлтэй” хэмээн ЭЗХЯ-ны Төсвийн хүрээний төлөвлөлтийн хэлтсийн дарга О.Мягмардорж бидэнтэй ярилцахдаа онцолж байлаа.
