Тус банкны алтны нөөц 386 тонн хүрч, нийт валютын нөөцийн 78 хувийг бүрдүүлж буй

Дэлхийн тэргүүлэх алт худалдан авагчдын нэг байсан Казахстаны төв банк үнэт металлаа эргүүлэн борлуулахаар төлөвлөж байна. АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж өндөр түвшинд хүрсэн нь гадаад валютын нөөцийн бүтцийг дахин тэнцвэржүүлэх шаардлагыг нэмэгдүүлжээ.

Сүүлийн жилүүдэд төв банкнуудын худалдан авалт нь алтны үнэд дэмжлэг болж ирсэн ч бондуудын өгөөж өссөнөөр эрэлт нь буурч байна. Өнгөрсөн долоо хоногт гэхэд л АНУ-ын Засгийн газрын 10 жилийн хугацаатай бондын өгөөж 24 жилийн дээд түвшинд хүрсэн.

Үүнтэй зэрэгцэн Казахстаны төв банкны дэд ерөнхийлөгч Алия Молдабекова “Бид ийм өндөр түвшнийг удаан хугацаанд хараагүй. Энэ нь ам.долларыг илүү сонирхол татахуйц хөрөнгө оруулалтын хэрэгсэл болгож, алтны эрэлтийг бууруулж байна” гэж мэдээлэв.

Казахстаны төв банк энэ оны эцэс гэхэд гадаад валютын нөөцөд алтны эзлэх хувийг 3 нэгж хувиар бууруулах зорилт тавьсан. Одоогоор алтны нөөц нь 386 тонн хүрч, нийт валютын нөөцийн 78 хувийг бүрдүүлж буй.

Төв банкнууд олон жилийн турш алтыг тогтмол хуримтлуулж ирсэн ч Ираны дайн энэхүү чиг хандлагыг өөрчилж байгаа. Ялангуяа эрчим хүчний импортын өртөг өссөнөөр төлбөр тооцоонд шаардлагатай ам.долларын эрэлт огцом нэмэгджээ.

Ойрх Дорнодын эрчим хүчний нийлүүлэлтийн доголдол нь инфляцыг өдөөж, бондуудын өгөөж өсөхөд нөлөөлснөөр алтны эрэлтэд сөргөөр нөлөөлж буй.