
БРАЗИЛ УЛС ХЯТАДЫН ДОТООДЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛД ЖИЛ БҮР ПАНДА БОНД ГАРГАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА.
Бразилын Засгийн газар Хятадын дотоодын бондын зах зээлд юаниар нэрлэсэн суверен Панда бонд тогтмол гаргах бодлогоо зарлаж, эхний арилжаагаа 2026 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Эхний бондын хэмжээ харьцангуй бага байх бөгөөд энэ нь хөрөнгө босгох хэмжээнээс илүүтэй Хятадын хөрөнгийн зах зээлд урт хугацаанд тогтвортой оролцох стратегийн эхлэл гэж үзэж байна. Бразилын холбооны Улсын Засгийн газрын гадаад өр нийт өрийн ердөө 4 орчим хувийг эзэлдэг тул энэхүү алхам нь чанарын өөрчлөлтөд чиглэж байгаа юм. /Эх Сурвалж: SouthChinaMorningPost/
Панда бонд нь Хятадын дотоодын зах зээлд юаниар гаргадаг гадаадын үнэт цаас бөгөөд зах зээлийн харьцангуй бага өртөгтэй санхүүжилтийн боломжийг бүрдүүлдэг. Суверен Панда бонд гаргаснаар тухайн улсын өгөөжийн жишиг тогтож, үндэсний компаниуд Хятадын хөрөнгийн зах зээлээс юаниар урт хугацааны санхүүжилт татах боломж нэмэгдэх юм.
Хэрэв төлөвлөсөн хэмжээгээр бондоо гаргавал Бразил нь Латин Америкийн анхны суверен Панда бонд гаргасан улс болох боломжтой. Мөн Suzano, Petrobras, Vale, WEG зэрэг томоохон компаниудын Хятадын хөрөнгийн зах зээлээс юаниар санхүүжилт татах боломжийг өргөжүүлэх суурь бүрдэхээр байна.
