“Samsung Group”-ийг үндэслэгч гэр бүлийн гишүүн 3.1 их наяд вон буюу 2.1 тэрбум ам.доллартой тэнцэх дүнтэй 15 сая ширхэг хувьцаагаа зарсан байна. Энэ нь БНСУ-ын хөрөнгийн зах зээлийн түүхэнд компанийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хийсэн хамгийн өндөр дүнтэй зарах хэлцлийн нэгт тооцогдож буй.

Зохицуулагч байгууллагад очсон мэдээллээс харвал “Samsung”-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга агсан И Кун Хигийн эхнэр Хун Ра Хи өв залгамжлалын татвар болоод зээлийн эргэн төлөлт хийх хүрээнд 15 сая ширхэг хувьцаагаа худалдсан байна.
Энэхүү асар их дүнтэй хэлцэлд “Bank of America”, “Citigroup”, “JPMorgan”, “UBS Group” зэрэг томчууд андеррайтераар хамтран ажилласныг мэдээлжээ.

БНСУ-д “Samsung Electronics” зэрэг томоохон компанийн хяналтын багцыг эзэмшигчдэд өв залгамжлалын өндөр дүнтэй татвар ногдуулдаг нь тус улсын хамгийн чинээлэг  гэр бүлүүдэд санхүүгийн дарамт учруулдаг байна. “Samsung Group”-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга агсан И Кун Хи 2020 онд таалал төгссөнөөр түүний гэр бүл улсынхаа түүхэнд хамгийн өндөр дүнтэй өв залгамжлалын татвар төлөх ёстой болсон юм.