Petro Matad компани PetroChina-ийн хүсэлтийн дагуу газрын тосны XX талбайн “Heron-1”, “Gazelle-1” цооногийн олборлолтыг түр зогсоосноо мэдээллээ.
026 оны газрын тос худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой PetroChina-ийн төв оффисын шийдвэр нь эцэслэгдээгүй хэвээр, мөн тус компанийн XIX талбайн хадгалах савнууд дүүрэх дөхсөн шалтгаанаар Petro Matad XX талбайгаас газрын тос нийлүүлэхээ түр зогсоох шаардлагатай болсон байна.
PetroChina наймдугаар сард гэрээтэй холбоотой дотоод асуудлуудаа шийдвэрлэж, Petro Matad-ийн олборлосон газрын тосыг экспортлон борлуулж эхлэхээ Монголын Засгийн газар болон компанид бичгээр баталгаажуулж байжээ. Гэсэн ч түүнээс хойш шийдвэр нь эцэслэгдээгүй тул Монгол дахь салбар нь Petro Matad-ийн борлуулалтын нэхэмжлэхийг боловсруулах боломжгүй хэвээр байна.
Мөн аравдугаар сарын эхээр БНХАУ-ын Үндэсний баярын амралтаар Монголоос газрын тос импортлох ажиллагаа нь түр зогсохоор байгаа аж.
Үүссэн асуудлыг зохицуулах байгууллага, яам болон дипломат түвшинд шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаагаа Petro Matad мэдэгдэлдээ дурджээ. Мөн Монгол Улсын Шадар сайд PetroChina-ийн Монгол дахь удирдлагатай уулзаж, эцсийн шийдэлд аль болох шуурхай хүрэх талаар ярилцсаныг мэдээлжээ.
Наймдугаар сарын байдлаар XX талбайгаас олборлосон 48 мянга орчим баррель газрын тос XIX талбайн савнуудад хадгалагдаж байна. Саатал цаашид үргэлжилбэл хуримтлагдсан газрын тосоо борлуулах өөр гарц олохоор боломжит худалдан авагчидтай хэлэлцэж байгаагаа Petro Matad онцолжээ.