Нэг цэнэглэлтээр 1100 км зай туулах хүчин чадалтай шинэ “үүлдрийн” цахилгаан автомашины борлуулалт БНХАУ-д хүчээ авч байна.
Гэр бүлийнхээ анхны автомашиныг авахаар хайж буй Шанхай хотын оршин суугч, 31 настай Юань БНХАУ-д алдартай цахилгаан автомашины брэндүүд болох Nio, Xpeng-ийн автомашинуудыг сонирхож, туршилтын жолоодлого хийж үзжээ.
Гэхдээ тэрбээр цахилгаан автомашины цэнэг хурдан дуусах, цэнэглэхийн тулд замдаа саатах зэрэг чирэгдэлд санаа зовниж байлаа. Ингээд тэрбээр арай шинэлэг зүйл сонирхож үзжээ. Тэр нь хол зай туулах чадвартай цахилгаан автомашин буюу EREV (Extended-Range Electric Vehicle) юм.
Энэ төрлийн автомашин нь цэнэг хураагуурыг автоматаар цэнэглэх цор ганц зориулалт бүхий бага оврын дотоод шаталтат хөдөлгүүрээр тоноглогдсон байдаг. Үүнийхээ ачаар өнөөгийн цахилгаан автомашинуудын нэг цэнэглэлтээр туулах дундаж зай болох 480 км-ээс даруй хоёр дахин урт буюу 1100 км зайг туулах хүчин чадалтай болдог аж.
Хайбридаас юугаараа илүү вэ?
Туулах зай сайтай цахилгаан автомашин нь бүрэн цахилгаан хөдөлгүүрт автомашины дэлхийн хамгийн том зах зээл болох БНХАУ-д хамгийн хурдацтай өсөн нэмэгдэж буй төрөл болжээ. Дэлхийн авто үйлдвэрлэгчид энгийн худалдан авагчдын сонирхлыг цахилгаан автомашин руу татах гэж зүдэрч байгаа энэ үед EREV нь үнэ ба туулах зай гэсэн өдгөө цахилгаан автомашинд тулгараад буй хамгийн том хоёр саадыг арилгах шийдэл болон гарч ирж байна.
EREV-ийг энгийн цахилгаан автомашины адил цахилгаанаар цэнэглэж болохоос гадна автомашин хөдөлж байх үед цэнэг хураагуурыг цэнэглэдэг, шатахуунаар ажилладаг нэмэлт жижиг хөдөлгүүртэй тул нэг цэнэглэлтээр туулах зайг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх давуу талтай. Явах эд ангид шууд хүч дамжуулдаг уламжлалт хөдөлгүүр болон хосолмол хөдөлгүүрээс ялгаатай нь EREV-ийн “бензин хөдөлгүүр” нэг ёсондоо цахилгаан үүсгэгч генератор гэсэн үг.
Ингэснээр EREV-т энгийн цахилгаан автомашиныхаас хоёр дахин жижиг хэмжээтэй цэнэг хураагуур орж, дагаад үйлдвэрлэлийн өртөг нь 4000 гаруй ам.доллароор буурах юм. Түүнчлэн автомашины цэнэг хураагуур автоматаар цэнэглэгдэх тул хол замд яваа үед цэнэглэх гэж саатах шаардлагагүй болно.
Li Auto 6
Анх зах зээлд гараад 25 жилийн нүүр үзэж буй Toyota Prius зэрэг хосолмол хөдөлгүүртэй автомашинуудыг бодвол EREV нь ихэнх үед цахилгаан хөдөлгүүрээрээ явдаг тул байгаль орчинд илүү ээлтэй. Бидний мэдэх хосолмол хөдөлгүүрт автомашинууд нь шатахуунаар ажилладаг дотоод шаталтат үндсэн хөдөлгүүр болон нэмэлт жижиг цахилгаан хөдөлгүүрээр тоноглогдсон байдаг. Тэрхүү цахилгаан хөдөлгүүр нь автомашины цахилгааны систем болон жолооч тормоз гишгэх үед үүсдэг кинетик энергиэр цэнэглэгддэг.
Харин EREV-ийн шатахуун хөдөлгүүр нь цэнэг хураагуурыг цэнэглэх үедээ л ажилладаг тул дэлхийн дулааралд нөлөөлдөг нүүрстөрөгчийн давхар исэл бага ялгаруулдаг байна.