БНХАУ-д зарагдсан боловч баригдаж дуусаагүй дор хаяж 48 сая айлын орон сууц байгааг Bloomberg Intelligence тооцоолсон нь тус улсын үл хөдлөх хөрөнгийн хямрал ойрын хугацаанд арилах төлөвгүйн дохио болж байна. "Иргэд шинэ төслүүдэд урьдчилсан захиалга өгөхөөс зайлсхийж, оронд нь ашиглалтад орсон төслөөс эсвэл хуучин орон сууц худалдан авч эхэлсэн нь БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгч компаниудын орлогод шууд заналхийлж байна" хэмээн BI-ийн шинжээчид бичжээ.


Хятадын үл хөдлөхийн зах зээл дэх баригдаж дуусаагүй орон сууцны харьцаа 2015 оноос өмнө дунджаар жилийн борлуулалтын 17 хувьтай тэнцэж байсан бол 2015-2023 онуудад огцом өсөж, 47 хувьд хүрчээ. Түүнчлэн тус улсад худалдан авагчийн зан төлөвийн суурь өөрчлөлт гарч, өнгөрсөн онд хуучин орон сууцны борлуулалт талбайн хэмжээгээрээ шинэ орон сууцны борлуулалтаас анх удаа давсан юм.