Зэсийн үнэ өнгөрсөн V сард 11 мянган ам.доллар давж, бүх цаг үеийн дээд цэгтээ хүрснээсээ хойш өдгөө 18 гаруй хувиар унаад байна. Гэхдээ дэлхий нийтийн цахилгаан шилжилтээс үүдэх эрэлтийг өнөөгийн нийлүүлэлт хангаж дийлэхгүй тул дунд, урт хугацаандаа зэсийн томоохон хомсдол нүүрлэнэ гэсэн хүлээлт бий.
Тэгвэл S&P Global Market Intelligence-ээс “Зэсийн шинээр илрүүлсэн томоохон нөөцүүд” судалгаагаа шинэчилж, хайгуул, хөрөнгө оруулалт зэрэг тус зах зээлд үүсээд буй сорилтууд, ирээдүйд үүсэх хомсдол хэр ноцтой байхыг тодорхойлсон байна.
Шинээс хуучин нь дээр
Судалгаанд 1990-2023 оны хооронд илрүүлсэн, багадаа 500 мянган тоннын нөөцтэй томоохон 239 ордыг багтаажээ. Тэдгээр ордуудын нийт нөөц 1.315 тэрбум тонн бөгөөд өнгөрсөн онд 4 хувиар өссөн буюу 61 сая тонн нөөц шинээр илрүүлсэн байна. Гэхдээ шинэ нөөцийн дийлэнхийг хуучин ордын өргөтгөл, тэр дундаа 1990-ээд онд нээгдсэн ордуудад дахин хайгуул хийж илрүүлсэн байгаа юм.
Хэдий өнгөрсөн онд зэсийн хайгуулын зардал 12 хувиар өссөн ч сүүлийн таван жилийн хугацаанд дэлхий даяар ердөө 4 шинэ нөөц (нийт 4.2 сая тонн) илрүүлсэн нь санаа зовоох үзүүлэлт болж байна.
Үүнээс харвал зэсийн томоохон шинэ нөөцийн илрүүлэлт буурах хандлага үргэлжилсээр байна. Компаниуд шинээр хайгуул хийх бус хуучин орд, нөөцийг өргөтгөхөд гол анхаарлаа хандуулсаар байгаа нь бууралтад шууд нөлөө үзүүлж байгааг судалгаанд онцолжээ. Зэсийн хайгуулын нийт зардалд шинэ төслийн эзлэх хувь 1990, 2000-аад онд 50-60 хувьтай байсан бол 2023 оны судалгаагаар 28 хувь болж хамгийн доод цэгтээ хүрсэн нь үүнийг нотолж байгаа юм.
Тиймээс хайгуулын трендэд эргэлт гарахгүй л бол зэсийн шинэ ордын илрүүлэлт өчүүхэн хэвээр үлдэх төлөвтэйг тодотгожээ. Үүгээр зогсохгүй зэсийн үнэ өндөр байгааг үл харгалзан зэсийн хайгуулын зардал ам.доллароор тооцвол 10 жилийн өмнөхөөсөө хамаагүй доогуур байгаа нь байдлыг улам дордуулж буй. Тухайлбал 2023 оны зэсийн хайгуулын нийт зардал 2012 оны дээд цэгээсээ 34 хувиар буурсан байна.
Хаяанд тулаад буй хомсдол
S&P Global-аас саяхан гаргасан “Commodity Briefing Service” хэмээх тайланд зэсийн ойрын 5 жилийн төлөв байдлыг хөндсөн бөгөөд тус тайлангаас үзвэл 2027 оноос эхлэн зах зээлд боловсруулсан зэсийн дутагдал нүүрлэхээр байна. Гэвч хамгийн тулгамдаад буй асуудал нь зэсийн баяжмалын зах зээлтэй холбогдож буй. Тухайлбал тус зах зээлд ойрын 5 жилд хомсдолтой тулгарсан хэвээр байна хэмээн S&P Global-ийн мэргэжилтнүүд тооцоолжээ.
Зах зээлийн энэ мэт өөрчлөлтүүд хүлээлтэд нөлөөлж, нэг тонн зэсийн үнэ 10,000 ам.доллар давж байсан нь саяхан. Зэсийн төслүүдийн талаарх S&P Global-ийн шинэ тайланд онцолсноор зэсийн уурхайнуудын нийлүүлэлт 2029 онд оргил цэгтээ хүрч, 2032 он гэхэд зэсийн баяжмалын дутагдал 2.2 саян тоннд хүрч магадгүй байгаа аж. Нийлүүлэлтийн энэ зөрүүг нөхөх нь “зөөлөн боорцог” биш байхаар байгааг ч дүн шинжилгээнүүд харуулж байна.
Зэсийн нөөц бүхий ордыг нээж илрүүлэхээс анхны баяжмалаа гаргах хүртэлх дундаж хугацаа 2005-2009 оны хооронд үйл ажиллагаагаа эхлүүлсэн уурхайнуудын хувьд 12.7 жил байсан бөгөөд энэ хугацаа улам бүр урт болсоор өнөөг хүрээд буй юм.
2020-2023 онд үйлдвэрлэлээ эхлүүлсэн уурхайнуудын хувьд дээрх хугацаа 17.9 жил болж нэмэгдэхэд хайгуул, судалгаа шинжилгээ болон зөвшөөрөлд зарцуулагдах хугацаа уртассан, ТЭЗҮ-тэй холбоотой ажлууд дууссанаас хойш барилга бүтээн байгуулалтын ажил эхлэх хүртэлх хугацаа мөн сунасан зэрэг нь нөлөөлсөн байна. Энэ нь санхүүжилт босгох, барилгын зөвшөөрөл авахад зарцуулах хугацаатай хамааралтай байгаа юм.