Зургийг: David Paul Morris/Bloomberg

“Arm” компани энэ оны хамгийн өндөр дүнтэй IPO хийж байна
Дэлхийн хэмжээнд энэ оны хамгийн том IPO хийх хүлээлттэй байгаа “Arm Holdings” компани нэгж хувьцааны ханшаа 51 ам.доллароор санал болгохоор тогтлоо. Хөрөнгө оруулагчид тус компанийн 95 сая ширхэг энгийн хувьцааг андагч зах зээлийн арилжаанд захиалах боломжтой аж.
Хувьцааны нэрлэсэн үнээр “Arm Holdings”-ийн зах зээлийн үнэлгээ 54.5 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байгааг “Bloomberg” тооцоолжээ.
Андеррайтерууд нэмэлтээр долоон сая ширхэг хувьцаа худалдаж авах боломжтой байх нөхцөлтэйг танилцуулсан байна. IPO хийсний дараа “SoftBank” тус компанийн хяналтын багц буюу 90 орчим хувийг эзэмшинэ.
Үүнээс гадна “Arm Holdings” 700 сая гаруй ам.доллартой дүйцэхүйц хувьцаагаа “Apple”, “Samsung”, “Nvidia”, “Intel” зэрэг томоохон харилцагчдадаа хадгалснаа мэдээлж байсан юм.
“Arm” компанийн хувьцааны ханш пүрэв гарагт “Nasdaq Global Select Market” дээр “Arm” үсгэн кодтойгоор арилжаалагдаж эхлэхээр байна.
Тус компанийн хувьд 6000 орчим буюу харьцангуй цөөн ажилтантай. Хэдий тийм боловч IPO нь стратегийн хувьд томоохон ач холбогдолтой үйл явдал болж байгааг шинжээчид онцолж байна. Учир нь олон улсад “Arm” технологиор 250 тэрбум гаруй ширхэг чип үйлдвэрлээд байгаа юм.
Удахгүй дэлхийн хэмжээнд дижитал өгөгдөл 100 хувь ямар нэгэн байдлаар энэхүү технологиор дамжин  боловсруулагдана гэж “Arm Holdings” компани тооцоолсон байна.