Эдийн засгаараа Төв Азид, уран олборлолтоороо дэлхийд тэргүүлдэг Казахстан улс бүх нийтийн санал асуулгаар шинэ атомын цахилгаан станц барихаар шийдвэрлэлээ.
Иргэдээсээ асуув
Цөмийн шинэ реактор барих Засгийн газрын төлөвлөгөөг дэмжих асуудлаар Ням гарагт явуулсан бүх нийтийн санал асуулгад саналаа өгсөн нийт иргэдийн 71 хувь нь “тийм” гэж хариулт өгснийг Казахстан улсын Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр мэдээллээ. Санал асуулгын ирц 64 хувьтай байсан нь үр дүн хүчинтэй болоход шаардлагатай босгыг хангалттай давж байгааг мөн онцолсон байна.
Хэдийгээр тус улс шар нунтаг олборлолтын хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг ч 1999 оноос хойш цөмийн эрчим хүчийг ашиглахаа зогсоогоод байсан юм. Гэвч сүүлийн хэдэн жилд цахилгаан ихээр хэрэглэдэг крипто салбар огцом тэлж, мөн хуучин цахилгаан станцуудын ажиллагаа доголдох болсны нөлөөгөөр тус улс эрчим хүчний хомсдолтой нүүр тулжээ. Тухайлбал өнгөрсөн намар, өвлийн улиралд 1.5 гигаватт эрчим хүчний хомсдол нүүрлэсэн тул ОХУ-аас эрчим хүч худалдан авах шаардлага үүссэн байна.
Казахстан 2035 он гэхэд цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлээ 26.5 гигаваттаар даацтай хэмжээнд нэмэгдүүлэх бөгөөд үүний 2.4 гВт-ыг нь цөмийн эх үүсвэрээс бүрдүүлэхийг тус улсын Эрчим хүчний яам мэдээлсэн байна. Мөн шинэ атомын цахилгаан станцын өртөг 10-12 тэрбум ам.доллар байна гэж анхан шатны тооцоолол гаргажээ. Харин төслийг гүйцэтгэх боломжтой компаниудын тоонд China National Nuclear Corp, Korea Hydro & Nuclear Power, ОХУ-ын Rosatom, Францын Electricite de France зэрэг аваргууд багтаж байгаа аж.
“Ерөнхийлөгч Токаевын засаг захиргаа атомын ЦС барих шийдвэрээ аль хэдийн гаргасан. Харин санал хураалт явуулсан нь энэ шийдвэрээ хууль ёсны болгох зорилготой байж магадгүй” хэмээн ACAMS байгууллагын шинжээч Жорж Волошин өгүүлжээ. АЦС-ын төсөл нь ОХУ, БНХАУ-аас технологийн хувьд хамааралтай байдлыг улам нэмэгдүүлэх вий гэсэн болгоомжлолыг Казахстаны зарим иргэд илэрхийлж байгаа аж. Тус хоёр улс нь цөмийн бусад төслүүд дээр Казахстантай хамтран ажилладаг юм.
Олборлогч орны амбиц
Хятадын байгалийн хийн нүсэр эрэлтийг хангахын тулд Казахстан улс хөрш ОХУ, Туркменистан улсуудтай өрсөлдөж, экспортоо нэмэгдүүлэхээр мөн зорьж байна. Байгалийн хийн экспортоо дорвитой хэмжээнд нэмэгдүүлэхээр Хятадын талтай яриа хэлэлцээ өрнөж байгаа бөгөөд үүний тулд нэмэлт дамжуулах хоолой барихаар ч төлөвлөж буйг тус улсын төрийн өмчит QazaqGaz мэдээлжээ.
Одоогийн байдлаар тус улс жилд 4 тэрбум куб метр хий Хятад руу экспортолж, дотооддоо 21 тэрбум куб метрийг хэрэглэдэг. 2023 онд хоёр улс байгалийн хийн экспортын гэрээгээ гурван жилээр сунгасан юм.