Дэлхий дахин “үймээн самуунтай” энэ үед ч ОХУ, БНХАУ-ын “гүнзгий харилцаа” өөрчлөгдөхгүйг Ши Жиньпин илэрхийллээ

Шинэ гишүүдээр бүл нэмсэн BRICS бүлгийн дээд хэмжээний уулзалт ОХУ-ын Казань хотноо үргэлжилж байна. 2022 оны хоёрдугаар сард Владимир Путин Украин улсад халдан довтлох тушаал өгснөөс хойш ОХУ-д хамгийн олон улсын Төрийн тэргүүн чуулж байгаа нь энэ болов.

Дулаан үгс, гэссэн харилцаа

Дэлхийн 32 орны удирдагч, мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш гурван өдөр үргэлжлэх BRICS-ийн энэ оны чуулга уулзалтад оролцож буй нь Владимир Путиныг эхлүүлсэн дайных нь хариуд ганцаардуулах Өрнөдийн хүчин чармайлтад сорилт тулгарсны илрэл болов.

Дээд хэмжээний уулзалтын хүрээнд БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгчтэй хийсэн уулзалтынхаа үеэр “Дэлхий дахин “үймээн самуунтай” энэ үед ч ОХУ, БНХАУ-ын “гүнзгий харилцаа” өөрчлөгдөхгүй”-г илэрхийлжээ. Владимир Путин харин Ши Жиньпинийг “хүндэт анд нөхөр” хэмээн тодотгож, ОХУ, БНХАУ-ын харилцааг “өргөн цар хүрээтэй” хэмээн тодорхойлжээ. Мөн тэрбээр БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Модитой уулзахдаа хоёр улсын стратегийн түншлэлийг онцлон тэмдэглэсэн байна.


2020 онд болсон хилийн мөргөлдөөнөөр Энэтхэгийн 20 цэрэг амь үрэгдсэний дараа Нарендра Моди БНХАУ-ын хөрөнгө оруулалтыг хязгаарлах шийдэмгий арга хэмжээ авч, зарим талбарт бүр АНУ-аас ч илүү хориг тавьж байсан юм. Үүний улмаас Энэтхэгт төлөвлөгдсөн зарим томоохон хөрөнгө оруулалтын төслүүд унасны дотор “BYD”-ийн нэг тэрбум ам.долларын өртөгтэй цахилгаан автомашины үйлдвэр ч байлаа.

BRICS-ийн чуулганы үеэр хоёр орны Төрийн тэргүүнүүд уулзаж, харилцаагаа тогтворжуулахаар тохиролцлоо. Талууд Гималайн нурууны маргаантай хилийн бүсэд сөргөлдөөнийг эцэслэж, “ялгаатай байдал болон санал зөрөлдөөн”-өө зохицуулах талаар ярилцсан байна. Хоёр орны харилцаа сайжирснаар олон улсын бусад компаниудын нэгэн адил БНЭУ-ын эдийн засгийн эрчтэй өсөлтөд найдлага тавьж буй БНХАУ-ын компаниудад ихээхэн үр ашиг авчрах юм.

Олон туйлт дэлхий

Лхагва гарагт Владимир Путин BRICS-ийн чуулганыг нээж үг хэлэхдээ тус бүлэг ийнхүү өргөжсөн нь “Олон туйлт дэлхий бүрэлдэж буйг харууллаа” хэмээв. Мөн BRICS олон улсын хамтын нийгэмлэгийн гол хэсэг, дэлхийн олонх гэгддэг бүлгийн хүсэл эрмэлзэлд нийцэж байгааг онцолжээ.

Түүний энэ үг мэдээж АНУ давамгайлсан өнөөгийн дэлхийн дэг журмыг сөрөх утгыг агуулж байгаа ч Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди BRICS одоогийн олон улсын байгууллагуудыг орлох хувилбар мэтээр тодорхойлогдох ёсгүйг салбар хуралдааны төгсгөлд үг хэлэхдээ сануулсан байна. Оронд нь тус бүлэг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, олон улсын зээлдэгч байгууллагуудад реформ хийхийн төлөө ажиллах ёстой гэж тэрбээр тодотгожээ.

Энэ оны нэгдүгээр сард BRICS бүлэг Арабын Нэгдсэн Эмират, Иран, Египет, Этиоп улсыг эгнээндээ нэгтгэж, есүүлээ болсон бол Тайланд, Никарагуа, бүр NATO-ийн гишүүн Турк зэрэг 30 улс тус бүлэгт нэгдэх сонирхлоо илэрхийлээд байгаа аж.

BRICS ийнхүү өргөжсөнөөр эдийн засгийн хүч нөлөө нь нэлээд зузаарч байна. Тодруулбал: есөн гишүүн орон нь одоогоор дэлхийн эдийн засгийн 26 хувь, нийт хүн амын 46 хувийг бүрдүүлж байгаа бол “Их 7”-ийн бүлгийн орнууд эдийн засгийн 44 хувь, хүн амын 10 хувийг бүрдүүлж байгаа юм.