Хагас дамжуулагчийн салбар дэлхийн эдийн засгийн жинхэнэ хөдөлгүүр нь болоод байна. Таны гар утас, автомашинаас эхлээд нүсэр дата төвүүд гээд бүхий л зүйлд чип ашиглагдаж байна. Чип үйлдвэрлэлийн дэлхийг хамарсан сүлжээ мөн асар хурдтайгаар өргөжиж буй.
Тэдгээрээс хамгийн томыг нь энгийнээр зураглавал, Нидерландын ASML компани литограф буюу цахиур хавтанг загварчлах машин бүтээж Тайванийн TSMC компанид нийлүүлдэг. TSMC чипийг эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэнэ. Ингэхдээ Их Британийн Arm, мөн Америкийн Nvidia, Apple компаниудын дизайныг ашигладаг.
Мэдээж БНХАУ хагас дамжуулагчийн хэрэглээгээр дэлхийд тэргүүлж байна. Хятадын үйлдвэрлэдэг тэр их цахилгаан барааг төсөөлөөд үзээрэй. Харин одоо тус улс барууны орнуудаас хамаарлаа бууруулж, өөрийн гэсэн чипийн үйлдвэрлэлтэй болохоор зорьж байгаа. Өнгөрсөн онд Huawei компани шинэ ухаалаг утсаа дотоодод үйлдвэрлэгдсэн 7 нанометрийн дэвшилтэт чипээр тоноглож, АНУ-ыг сандаргаж байсан нь үүний сүүлийн жишээ.
Үүнээс болоод Вашингтон энэ салбарыг бүхэлд нь овоо хараандаа авсан. Тэд Хятадын чипийн салбарын өсөлтийг хязгаарлахын тулд экспортдоо илүү хяналт тавьж, өндөр тариф тогтоож буй. Мөн Америкийн хөрсөн дээр чип үйлдвэрлэлийг дэмжихийн тулд ихээхэн хөрөнгө оруулалт хийж байна.
Гол хөзөр Хятадад
Гэхдээ тариф тогтоосноор асуудлыг бүрэн шийдэхгүй. Чипийг эхнээс нь эцэс хүртэл ямар ч компани дангаараа үйлдвэрлэх боломжгүй. Дээр дурдсанчлан компаниуд энэ салбарт нарийн уялдаа холбоотой байдаг. Дээр нь Хятад улс хариу арга хэмжээ авах эрсдэл бий.
Чип үйлдвэрлэлд ихээр ашиглагддаг газрын ховор элементийн газрын ховор элементийн зах зээлд олборлолтоос боловсруулалт хүртэл бүхий л үе шатыг “баздаг” БНХАУ анх 2008 онд боловсруулах технологийн экспортдоо тодорхой хэмжээний хязгаарлалт тавьж байв. Харин өнгөрсөн онд хоригоо бүр өргөтгөж, ховор элемент ялгах бүх технологи болон ГХЭ-ийн соронз үйлдвэрлэлийн технологийн экспортыг хязгаарлах жагсаалт гаргасан юм.