Санхүүгийн тайлангаа танилцуулсны дараа “Tesla”-ийн хувьцааны ханш 12 хувиар өсөв

Оны эхний хагас жилийн байдлаар цахилгаан автомашины эрэлт буурсан, мөн сүүлд гаргасан “RoboTaxi” нь хэрэглэгчдийн хүлээлтэд хүрээгүйгээс “Wall Street”-ийн шинжээчид “Tesla” компанийн санхүүгийн тайланд төдийлөн өндөр хүлээлтгүй байлаа.

Харин Илон Маск “Tesla”-ийн борлуулалтын орлого III улиралд шинжээчдийн таамгаас давсныг тайлагнаж, хэтийн төлөвөө эергээр харж байгаагаа мэдээлснээр компанийн хувьцааны ханш 21 хүртэлх хувиар өсөж, "S&P 500 Index" энэ долоо хоногт анх удаа ногоон бүсэд хаагдахад нөлөөлөв.  

Аудит хийгээгүй тайлангаар тус компанийн борлуулалтын орлого III улиралд 20 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс хоёр хувиар өссөний сацуу тайлант хугацаанд олон улсын зах зээлд 462.8 мянган цахилгаан автомашин нийлүүлжээ.

Түүнчлэн өнгөрсөн оноос зах зээлд нийлүүлж эхэлсэн "Cybertruck" загварын борлуулалтаасаа анх удаа ашиг олсон нь тайлан шинжээчдийн таамаглаагүй сайн үзүүлэлттэй гарахад тодорхой хувиар нөлөөлжээ. Харин ирэх онд "Tesla" илүү боломжийн үнэтэй загварууд танилцуулахаар байгаа тул орлого нь 20-30 хувиар өсөх магадлалтайг Илон Маск онцолсон байна.

Үүнээс гадна “Tesla”-ийн өрсөлдөгч БНХАУ-ын “BYD” компани энэ оны эцэс гэхэд зах зээлд дөрвөн сая цахилгаан автомашин нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаа ба ирэх долоо хоногт танилцуулах тайланд нь шинжээчид хүлээлт өндөртэй байна.