Энэтхэгийн гангийн хамгийн том үйлдвэрлэгч JSW Steel болон төрийн өмчит Steel Authority of India (SAIL) компаниуд Монгол Улсаас хоёр удаагийн тээвэрлэлтээр коксжих нүүрс худалдан авахаар хэлэлцээ хийж байгааг Reuters агентлаг мэдээллээ. Тодруулбал JSW Steel 2500 тонныг, SAIL 75 мянган тонн нүүрс авахаар төлөвлөсөн бөгөөд авсан нүүрсээ ОХУ, БНХАУ-ын аль нэгээр дамжуулан импортлохоор байгааг нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлжээ.
"Бид одоогоор логистикоо яаж шийдэхийг ойлгох шатандаа л явж байна" хэмээн SAIL-ийн ТУЗ-ийн дарга Амаренду Пракаш Reuters-ийн энэ талаарх асуултад хариулсан байна.
Боловсруулаагүй ган үйлдвэрлэлээр дэлхийд БНХАУ-ын дараа хоёрдугаарт ордог Энэтхэг улс коксжих нүүрсний нийт хэрэгцээнийхээ 85 хувийг импортоор хангадаг. Цаг агаарын хүнд нөхцөл байдлаас болж өнгөрсөн онд нүүрсний импортын гол түнш нь болох Австралийн нийлүүлэлт саатсанаар тус улс коксжих нүүрсний эх үүсвэрээ төрөлжүүлэх гарц хайж эхэлсэн юм. Өнгөрсөн сард Энэтхэгийн ЗГ Оросоор дамжуулан Монголоос нүүрс авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн талаар мэдээлэл мөн гарч байлаа.
Монголын коксжих нүүрс Австралийн нүүрстэй харьцуулбал тонн тутамдаа 50 ам.доллароор хямд байдаг нь Энэтхэгт таатай сонголт болоход мөн нөлөөлж буйг Reuters онцолжээ.