“Гермес центр” хувьцаат компанийн А, Б корпусын павильоны үнэ нэг м.кв нь 30 мянган төгрөг байна
Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн түрээсийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын хувьцааны ханш он гарсаар өссөн хөдөлгөөнтэй байна. Тухайлбал: “Гутал” компанийн хувьд сүүлийн арилжааны өдөр буюу аравдугаар сарын наймны өдрийн байдлаар нэгж хувьцааны ханш 61 мянга 200 төгрөгт хаажээ. Энэ нь он гарснаар 48 хувиар өссөн үзүүлэлт болж байна.
Харин “Гермес центр” ХК-ийн хувьд нэгж хувьцааны ханш нь 219 төгрөг байгаа нь он гарснаар 50 гаруй хувир өссөн үзүүлэлт болж байна.
Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд байрлалтай “Гутал” ХК-ийн хувьд оффисын зориулалттай нийт 1000 м.кв талбайн дүүргэлт 90 хувьтай, агуулах 100 хувийн дүүргэлттэй буйгаа мэдээллээ. Оффисын зориулалттай түрээсийн үнэ нэг м.кв-ийг нь 18 мянгаас 21 мянган төгрөгөөр түрээсэлдэг бол агуулахын түрээсийн үнэ нэг м.кв нь 17 мянга 600 төгрөгөөс 22 мянган төгрөг байгаа аж.
Энэ нь 2023 оны мөн үетэй харьцуулахад 1000-2000 төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт болж байна. Тус компанийн хувьд хэрэглээний зардал болон инфляцын байдлыг харгалзан үнээ нэмэх асуудлыг ТУЗ-өөрөө хэлэлцэн шийдвэрлэж буйг мэдээллээ.
Баянгол дүүргийн 25 дугаар хороонд байрладаг “Гермес центр” хувьцаат компанийн А, Б корпусын павильоны үнэ нэг м.кв нь 30 мянган төгрөг байгаа аж. Б корпус дахь лангууны үнэ нь 312 мянга 500 төгрөг байгаа бол гадна талбай дахь контейнерын үнэ 150 мянган төгрөгийн ханштай байна.