2023 онд 14.6 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг 7.5 их наяд төгрөгөөр арилжаалсныг Монголын Хөрөнгийн бирж мэдээллээ. Үүний 94.6 хувийг нүүрсний арилжаа бүрдүүлсэн  байна. Харин дийлэнх буюу 75.3 хувийг баяжуулаагүй коксжих нүүрсний арилжаа эзэлжээ.

Онцлох арилжааны хувьд 12 дугаар сарын 22-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 175 багц буюу 1.1 сая тонн коксжих нүүрсийг 195.8 сая ам.доллароор арилжаалсан нь хамгийн өндөр дүнтэйд тооцогдож байна. Түүнчлэн үнэт цаасны арилжааг оролцуулаад өнгөрсөн онд  Монголын Хөрөнгийн биржээр нийт 8.3 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн арилжаалсан байна.

Үүнээс гадна тайлант хугацаанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг арилжааны үнэд үндэслэн тооцохоор болсон юм. Ингэснээр биржээр дамжуулан ил тод, нээлттэйгээр худалдах компаниудын тоог нэмэгдүүлэхэд дэмжлэг болно гэж үзэж байна.

Уул уурхайн бүтээгдэхүүнийг арилжаалж эхэлснээр Монголын түүхий эдийн экспортыг эрчимжүүлж, дотоод руу урсах валютын урсгалд томоохон эерэг нөлөө үзүүлсэн гэдгийг биржийн зүгээс онцолж байв. Одоогоор нүүрс, төмөр, жонш арилжиж байгаа бол 2024 онд зэсийг биржээр арилжаалахаар төлөвлөж байгааг мэдээлсэн юм.